Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т. Аубакир Филиппин Улсын Манила хотноо энэ оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулж буй “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох асуудлаарх дэлхийн сайд нарын II бага хурал”-д оролцож, Монгол Улсын хүүхэд хамгааллын салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэл, сайн туршлагаа олон улсад танилцууллаа.
Тэрээр хүүхэд бүр аюулгүй, халамж дэмжлэг бүхий орчинд өсөж, хөгжих эрхийг хангах нь Монгол Улсын нийгмийн бодлогын тэргүүлэх зорилтын нэг болохыг онцолж, хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн тогтолцоо, үйлчилгээний хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Монгол Улс 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталж, 2026 онд хүүхдийн хамгааллын өнөөгийн хэрэгцээ, тулгамдаж буй асуудалд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх болон хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандартуудыг батлан мөрдүүлж байна.
Хүүхэд хамгааллын үйлчилгээг анхан шатанд бэхжүүлэх хүрээнд улсын хэмжээнд сум, хороодод хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны 770 орчим орон тоог бий болгож, мэргэжлийн эрх, ур чадварын тогтолцоог нэвтрүүлжээ. Мөн хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий 34 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна.
Түүнчлэн хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг бэхжүүлж, цагдаа, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулснаар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг илүү шуурхай, нэгдсэн байдлаар хүргэх нөхцөл бүрдсэн.
Эдгээр бодлого, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан хүүхэд хамгаалал, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулах, бодлогын санаачилгыг дэмжих болон холбогдох ажлуудад олон жилийн турш тууштай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд бүрийг аюулгүй орчинд өсөж хөгжих боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ.