Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол 11 дүгээр сарын 19-нд Элчин сайдын өрөөнд болжээ. Монгол Коосэн Технологийн Коллежийн захирал Мөнх-Очирын Сэргэлэнд 2026 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав.
М.Сэргэлэн захирал 1992 онд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн мэргэжлийн сургуулийн анхны оюутны нэг болж Япон Улсад суралцсан бөгөөд буцаж ирснийхээ дараа 2008 оноос япон загварын коосэн боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж ирсэн юм.
Тэрээр “Япон загварын коосэнг Монголд байгуулахыг дэмжих нийгэмлэг” зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монголын Техник, Технологийн Дээд Сургуульд байгуулсан япон загварын коосэний сургалттай “Загвар анги”-ийг хариуцаж ажилласан нь маш үр дүнтэй болсон төдийгүй үүнээс улбаатай байгуулагдсан “Монгол Коосэн” Технологийн коллежийн захирлаар 2016 онд томилогджээ.
Улмаар сургалтын үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ дэд бакалаврын зэрэг олгох дээд боловсролын байгууллага болгохыг зорьж, Японтой адил хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлэхийн төлөө онцгой хүчин чармайлт гарган, 2023 онд холбогдох хуулийн өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн зэрэг нь Япон загварын Коосэн боловсролын тогтолцоог Монгол Улсад түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.