Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн санаачилгаар Монголын сургуулиас гадуурх сургалтын “Санрайс холбоо” төрийн бус байгууллагатай хамтран “Өсвөр үеийнхний хөгжил, төлөвшил” соён гэгээрүүлэх сургалт-өдөрлөгийг 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулав.
Өсвөр үеийнхнийг зөв харилцаа хандлагатай, аливаа зүйлд сэтгэлээсээ хандах чадавхтай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, сурах хөгжих тэмүүлэлтэй болох сэдлийг төрүүлэх зорилгоор зохион байгуулсан уг өдөрлөгт нийслэлийн ерөнхий боловсролын 21, 23, 52 дугаар сургуулийн ахлах ангийн 8-11 дүгээр ангийн 60 сурагчийг хамрууллаа.
Сургуулиас гадуурх сургалтын “Санрайс холбоо” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Б.Лхамсүрэн “Өсвөр үеийнхнийг бие хүн болж төлөвшүүлэх оролцооны арга зүй, түүний ач холбогдол” сэдвээр танилцуулж, үндэсний сургагч багш Н.Цэрэндаваа, Б.Дамдинсүрэн, Б.Төгсжаргал, Б.Энхбаяр нар сургалтыг тоглоомын аргаар багаар ажиллах хэлбэрээр зохион байгуулав. Шударга, хариуцлагатай, ёс зүйтэй байх хөгжил, төлөвшлийн сургалтын сурган хүмүүжүүлэх арга зүйн элементүүдээр хүний хөгжилд нөлөөлөх дасгалууд дээр оролцогчдыг ажиллуулж, тэднээс сургалтын өмнө болон дараа нь судалгаа авч дүгнэсэн юм.
Судалгаанаас харахад сурагчдын 90 хувь нь энэ төрлийн сургалтад хамрагдаж байгаагүй, өсвөр үеийнхний хөгжил, өөрийгөө хөгжүүлэх арга зүйг мэдэх хүсэлтэй, үе тэнгийн дээрэлхэлт, нэг нэгэнтэйгээ хүндэтгэлгүй харьцаж буйд санаа зовж байдаг бөгөөд уг сургалтаар дамжуулан дээрэлхэлтийг хэрхэн бууруулах, соён гэгээрүүлэх арга зүйг эзэмшиж бусдад заах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Сургалтад оролцсон сурагчид “Миний хувьд авлига гэж юу вэ гэдгийг ойлгоход тусалсан, мөн багийн ажиллагаа, сэтгэн бодох чадвараас гадна өөрийгөө хөгжилтэй аргаар сөрөг талаа олж харахад минь тусалсан багш нартаа баярлалаа”, “Энэ сургалтын эхэнд нэг ч үг амнаас гарахгүй хэцүү байсан, харин одоо ийм нөхөрлөлтэй орчинд илүү чөлөөтэй байна”, “Хамтын ажиллагаа, шударга байдал, үнэнч зан гэх мэт маш олон сайн чанар шаардсан тоглоомууд таалагдлаа. Хэдий танихгүй хүүхдүүд олон байсан ч өөрийгөө нээн задарч цагийг хөгжилтэй өнгөрөөж чадлаа” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.
Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Өсвөр үеийнхний хөгжил, төлөвшил” сургалт-өдөрлөгт цаашид 6-9 дүгээр ангийн сурагчдыг хамруулна.